Сэтгэл хөдлөлийн чадамж (EQ) муу хүмүүсийн 7 шинж

ALs
2020 оны 11-р сарын 01 -нд


Сэтгэл хөдлөлийн чадвар гэж юу вэ? Сэтгэл хөдлөлийн чадвар бол бидний өдөр тутмын амьдралд амин чухал чадвар билээ. Мэдрэмжтэй байх нь ухаантай байхаас илүү гэдэгчлэн (EQ-Emotional quotient) буюу сэтгэл хөдлөлийн чадвар нь (IQ-Intelligence quotient) оюуны чадвараас илүү чухал байдаг байна. Тухайлбал Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүн амьдралд амжилттай байхад 75-80% нь EQ чадвараас шалтгаалдаг бол 20-25% нь IQ-аас хамаардаг байна. 

Сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чаддаггүй, бусдын мэдрэмжийг ойлгодоггүй мэдрэмжгүй нэгэн таны ойр хавьд байдаг уу? Эдгээр хүмүүс буруу үед, буруу зүйл ярьж эсвэл хийснээрээ эвгүй сэтгэгдэл төрүүлдэг байх магадлалтай юм. Бидний амьдралд ямар хөлдүү төмс гэж бодогдохоор хүмүүс олон тааралддаг, тэгвэл эдгээр хүмүүс ямар байдаг талаар ярилцацгаая.

1.Тэдний үргэлж зөв байх ёстой.

Та магадгүй бусадтай үргэлж муудалцаж явдаг нэгнийг мэдэх байх. Найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсад, тэр байтугай танихгүй хүмүүстэй хүртэл санал зөрөлдөж маргалдахад тэд бэлэн байдаг.  EQ чадамж сул хүмүүс бусдыг сонсох чадвар сул, сонсох ч хүсэлгүй байдаг тул хүмүүстэй маргаж ялахын тулд үхтлээ маргахад ч бэлэн байдаг. Та хэдий түүний буруу байж болох нотолгоо гаргаж ирсэн ч тэд ойшоохгүй миний зөв гэж зүтгэсээр л байх болно. Энгийнээр хэлэх юм бол эдгээр хүмүүс бусад хүмүүсийн үзэл бодол өөр өөр байж болохыг ойлгодоггүй хүмүүс юм. Тийм учраас бусад хүмүүсийг сонсож чадахгүй бол бусад хүмүүсийн мэдрэмжийг ойлгож ашигтай харилцаа үүсгэж чадахгүй билээ.

2.Тэд бусдын мэдрэмжийг ойшоодоггүй

Сэтгэл хөдлөлийн чадвар муутай хүмүүс бусдын ямар мэдрэмжтэй байгаа нь огт сонин биш байдаг. Ажлын хамтрагч нь яагаад уурласан, яагаад сэтгэл дундуур байгаа талаар сонирхох нь тэдний хувьд цагийн гарз мэт санагддаг байна. Мөн өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх гэж оролдоход ядаргаатай юм бэ? гэж ундууцах нь олонтаа

3. Тэд мэдрэмжгүй ханддаг

EQ чадвар муутай хүмүүс ихэнх тохиолдолд хүнд зөв үгээ онож хэлж чаддаггүй. Тэд буруу үед, буруу үг хэлснээр өөрийгөө эвгүй байдалд оруулдаг байна. Яагаад гэвэл бусдын сэтгэл хөдлөл, тухайн нөхцөл байдал болон уур амьсгалыг буруу ойлгосноор тохирсон сэтгэл зүйн хариу урвал үзүүлж чаддаггүй байна. Магадгүй яриан дундуур зүсч орж ирдэг нэгэн толгойд тань бууж байгаа нь лавтай.

4.Тэд бусдыг буруутгах хандлагатай байдаг

Сэтгэл хөдлөлийн чадвар муу хүн хариуцлага хүлээх чадвар муу байдаг. Ямар нэгэн асуудал үүсэхэд тэд бусдыг буруутгахыг л урьтал болгож өөрөө ямар ч алдаа гаргадаггүй мэт аашилна. Тэд асуудалд дүн шинжилгээ хийх чадвар муу учир буруутныг хайхыг илүүд үздэг.

Жишээ нь: Хэн нэгэн утсаа хулгайд алдлаа гэж бодоход хайнга байсан нь түүний буруу л гэж хэлнэ. Нөхцөл байдал ямар байсан, юу тохиолдсон, ямар хүчин зүйл нөлөөлсөн байх нь тийм ч чухал биш. Магадгүй тэдэнд асуудлаас хэн нэгнийг буруутгах нь илүү амар санагддаг байж болох юм.

5. Тэдэнд дасан зохицох чадвар тааруу байдаг

Шинэ орчинд, шинэ хүмүүстэй байхад сэтгэл зүйн хувьд дасан зохицож бусадтай ойлголцож таарч тохирох чадвар чухал байдаг билээ. Харин сэтгэл хөдлөлийн чадвар сул хүмүүс дасан зохицол харьцангуй удаан үргэлжилдэг байна. Тийм учир ийм хүмүүс бууриа сэлгэхээс зайлсхийдэг ба шинэ орчин, шинэ зүйлээс ямагт хойш сууж хуучнаа баримтлаж төв царайлах нь олонтаа.

6. Тэд огцом уурлаж, тэсэрдэг

Сэтгэл хөдлөлийг удирдаж сурах нь EQ-ийн гол чадваруудын нэг билээ. Эдгээр хүмүүс яаж өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож, удирдах талаар мэддэггүй. Тийм учраас тэд юунд уурлаж, юунд санаа зовж, юунд бухимдаж байгаагаа ойлгох ч үгүй шууд хариу үйлдэл үзүүлэх болно. Өөрөөр хэлэх юм бол тэд огт тооцоолоогүй хариу үйлдэл үзүүлж сэтгэл хөдлөлдөө бүрэн автаж тэсэрч уурладаг юм. Магадгүй уурласан үедээ гэр бүл, найз нөхөд бүр хамт ажилладаг хүнээ ч гомдоох нь олон тохиолдоно.

7. Тэд хүнтэй харилцах дургүй

Ийм хүмүүст ойр дотны найзууд цөөн байдаг.  Учир нь хүнтэй ойр дотно найзлахад сэтгэл хөдлөлөө хуваалцах, нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгөх, сэтгэл зүйн байдлыг нь ойлгох зэрэг сэтгэл хөдлөлийн чадвар шаарддаг учир EQ чадвар сул хүмүүс найзархаад байдаггүй. Үүний учир хатуу чанга төмөр мэт байх нь тэдэнд амар санагддаг байна.

Сэтгэцийн эмч: М. Далайцэрэн

   

 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.203
    2022 оны 5-р сарын 09 -нд

    Гайхалтай сайхан мэдээлэл бна баярлалаа

    Хариулах