Тайванийн Ерөнхийлөгчөөр тусгаар тогтнолыг дэмжигч сонгогдсон нь Хятадад том цохилт боллоо

ALs
2024 оны 1-р сарын 15 -нд

Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-нд боллоо. Сонгуульд тусгаар тогтнолын төлөөх намын нэр дэвшигч Уилльяам Лай ялалт байгуулжээ.

Сонгуулийн үр дүн Хятадын дургүйцлийг ихээхэн хүргэсэн бөгөөд сонгуулийн хариу гарсны дараа Хятадын талаас “Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Хятад улс Тайванийг өөртөө “энх тайвнаар” нэгдүүлэх хүсэлтэй байгаа ч хүч хэрэглэхээ үгүйсгээгүй юм. Сүүлийн саруудад Хятад улс арлын эргэн тойронд цэргийн хүчээ нэмэгдүүлсэн нь мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлсэн.

Шинэ Ерөнхийлөгч Лай хэвлэлийн бага хурал дээр "Манай улс эргэж харахгүй, зөв замаар урагшлах болно" хэмээн мэдэгдэв. Мөн өөрийн ялалтыг “ардчиллын ялалт” гэж тодорхойлжээ.

Түүнчлэн сэтгүүлчдэд хандан “Хятадтай энх тайван, тогтвортой харилцаа үүсгэж, зөрчил маргаанаас илүү яриа хэлэлцээ хийхийг илүүд үзэж байгаа” гэдгээ хэлсэн байна.

Бээжингийн эрх баригчид Уилльям Лайг Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж байсантай нь холбогдуулан “салан тусгаарлагч”, “асуудал үүсгэгч” зэргээр нэрлэж байсан юм.

Тайванийн хамгийн том хамтрагч болох АНУ Лайг ялсанд нь баяр хүргэж, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен арлын бат бөх ардчилсан тогтолцоо, сонгуулийн үйл явцыг өндрөөр үнэлжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна