ОХУ-ын сансрын нисгэгч сансарт өнгөрүүлсэн хугацаагаараа дээд амжилт тогтоов

ALs
2024 оны 2-р сарын 05 -нд

ОХУ-ын сансрын нисгэгч Олег Кононенко ням гарагт сансарт өнгөрүүлсэн хугацаагаараа шинэ дээд амжилт тогтоолоо.

Өдгөө 59 настай тэрбээр сансарт 878 өдөр, 11 цаг, 29 минут, 48 секундийн турш байсан үзүүлэлтээр нутаг нэгтэн Геннадий Падалкагийн амжилтыг эвдсэн аж.

Оросын сансар судлалын байгууллага Кононенког сансарт 1000 өдрийн турш байх зорилготой хэмээн мэдэгдсэн юм.

Тэрбээр дэлхийгээс 423 километрийн зайд орших Олон улсын сансрын станцад (ISS) байгаа бөгөөд тэндээсээ ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Би рекорд тогтоохын тулд биш, дуртай зүйлээ хийх гэж сансарт нисдэг” гэжээ.

ЗХУ 1957 онд дэлхийг тойрох "Спутник 1" хиймэл дагуулыг хөөргөж, 1961 онд Зөвлөлтийн сансрын нисгэгч Юрий Гагарин сансарт хөөрсөн анхны хүн болж байв. 

1991 онд ЗХУ задарсны дараа ОХУ-ын сансар судлалын салбарт санхүүжилт дутмаг болсноос гадна авлигын асуудал ихэссэн юм. 

АНУ, ОХУ-ын одоо ч хамтран ажилладаг олон улсын цөөн төслийн нэг нь ISS юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Оросын сансар судлалын байгууллага, Роскосмосоос НАСА-тай хамтран ISS руу хийх нислэгийн хөтөлбөрийг 2025 он хүртэл сунгасан гэдгийг мэдэгдсэн. 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна