Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр, ЭЕШ-ынх энэ сарын 19-нд эхэлнэ

ALs
2024 оны 2-р сарын 15 -нд

2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагт эхэлнэ. Шалгалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс eyesh.eec.mn сайтад нэвтрэн “Шалгуулагчийн булан”-д дамжин, ЭЕШ-ын хичээлээ сонгон бүртгүүлнэ.

Энэхүү шалгалтад 2024 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Өөрийн мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламж хуудсыг хэвлэдэг.

Харин Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн үйл ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 15-наас эхэллээ.

Засгийн Газрын тогтоолын дагуу 2014 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах шалгуулагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авах болсон.  Энэ нь “Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшнийг дээшлүүлэх, эх хэлний дархлааг сайжруулах” зорилготой юм.

Энэ шалгалтаар:

  •     Уншиж ойлгох чадвар
  •     Зөв бичих дүрмийн хэрэглээний чадвар
  •     Үндэсний бичгээр унших чадвар
  •    Эх зохион найруулах буюу илэрхийлэх чадварыг сорьсон задгай хэлбэрийн даалгавраар шалгуулагчийн бодит чадварыг үнэлдэг.

Шалгалтын босго оноог Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 400 байхаар тогтоосон. Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна