Метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөжээ

ALs
2024 оны 2-р сарын 20 -нд

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?-Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан.

Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болсон.

Энэ жил бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн, мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх юм. Зөвлөх үйлчилгээ авсны дараа тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг.

Урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолсон. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидро геологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна