УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр /2024.02.25/ цаг үеийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар цаашид төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын хэмжээнд 189.283 малчин өрх амьдарч байгаагаас 72462 малчин өрх хүндэрсэн нөхцөл байдалд өвөлжиж байна гэсэн судалгааг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Үүнээс өвс, тэжээл дууссан 39419 өрх, хүнс хоолны тусламж шаардлагатай 7863 өрх, түлээ түлшний хомсдол үүссэн 5800, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13677 малчин өрх байна гэсэн судалгааг сум, орон нутгаас авч ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2 сая 9 мянган мал хорогдсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын хорогдлын тоо 85.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гурваас доош ам бүлтэй, хүн хүчний хомсдолтой малчин өрх хүн хүчний дутагдалд орж байна. Нэмэлт хүн хүчний туслалцаа шаардлагатай өрх 14 аймгийн 66 суманд 2032 малчин өрх байна. Эдгээр өрхөд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэмэлт хүчийг маргаашаас ажиллаагаанд оруулахаар бэлтгэл хангаж байна. Одоогийн байдлаар 245 албан хаагч, 115 тээврийн хэрэгсэлтэйгээр өвөлжилт хүндэрсэн 17 аймгийн 74 суманд ажилласан. Энэ хугацаанд 2748 айл өрхөд хүрч, 15103 км газарт зам гаргаж, 1778 тонн өвс, тэжээл хүргэсэн. Энэ мэдээлэл өдөр тутам өөрчлөгдөж, өссөн үзүүлэлттэй байна. Өвөлжилт хүндэрсэн энэ үед ААН, ард иргэд малчдадаа туслах сайхан сэтгэлийн аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна. Өнөөдрийн байдлаар УОК-ын харьяа төвлөрсөн дансанд иргэд, ААН-үүдээс тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгө, 500 сая төгрөгийн үнэ бүхий бараа материалын хандив цуглаад байна. Тусламжийн бараа материалыг шаардлагатай малчин өрхүүдэд шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна