Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирлыг хүлээн авч уулзлаа

ALs
2024 оны 3-р сарын 06 -нд

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Мухаммад Эхсан Ханыг хүлээж авч уулзлаа. Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжигч, гол түншлэгч байгууллагуудын нэг бөгөөд 1991 оноос хойш эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн үйл ажиллагаанд техникийн болон арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Манай улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд АХБ-ны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд 84.9 сая ам.долларын өртөг бүхий таван зээлийн төсөл, 37 сая ам.долларын долоон удаагийн буцалтгүй тусламж, 10.65 сая ам.долларын 15 техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлснийг онцлоод 2019 онд баталсан 163 сая ам.долларын санхүүжилтээр “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” олон шатлалт төслийг хэрэгжүүлж байгаа юм. Сайд уг төслийн хэрэгжилтийн талаар Мухаммад Эхсан Хантай 80 сая ам.долларын гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслийн нэгдүгээр үе шатны хэрэгжилт энэ оны хоёрдугаар сарын байдлаар 65,5 хувь, гэрээлсэн дүн 64.3 хувьд хүрсэн. Барилгын зураг дизайн, угсралт, хяналттай холбоотой 46.7 сая ам.долларын үнийн дүнтэй 13 гэрээ байгуулсан ба тус ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах зургаан тендер зохион байгуулж Хан-Уул дүүрэг, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөлийн Тариалан, Дорноговийн Эрдэнэ, Булганы Дашинчилэн, Өвөрхангайн Баян-Өндөр сумын ЭМТ-ийн барилгын ажил эхэлсэн тухай мэдээллээ хуваалцлаа. Тэрбээр мөн “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” олон шатлалт төслийн “Транше 2”-ын зээлийн гэрээг 2024 онд батлуулах, эрүүл мэндийн салбарт үзүүлж байгаа зээл тусламж, техник туслалцааны төслүүдийн хэмжээг бууруулахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн. Түүнчлэн 2024-2027 оны хамтын ажиллагааны түншлэлийн стратегийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, Өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн зохицуулалт хийж улмаар Хавдар судлалын цогцолбор төв байгуулах, Эмийн чанар аюулгүй байдлын лабораторийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дуулгасан. АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Мухаммад Эхсан Хан “Өнгөрсөн хугацаанд АХБ болон Монгол Улсын Засгийн газар олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн. Нэг удаагийн хамтран ажиллах түншлэлийн стратеги таван жилийн хугацаанд хэрэгждэг бөгөөд 2025 оноос дараагийн хамтын ажиллагаа эхлэх гэж байна. Манай байгууллагын удирдлагын зүгээс боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбараар дамжуулж монгол хүнд хөрөнгө оруулалт хийх чиглэлд илүү анхаарал хандуулна. Үүнд эрүүл мэндийн салбар томоохон байр суурь эзэлнэ” гэсэн юм. Мөн нэгдүгээр шатны хөтөлбөрөөр олон гэрээ байгуулж, үйл ажиллагаа хурдацтай хэрэгжсэн нь хоёрдугаар шатны хөтөлбөрийг батлуулахад түлхэц болно гэдгийг дурдаад “Транше1”-ийн хувьд газар чөлөөлөхөөс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх тал дээр АХБ болон ЭМЯ маш нягт хамтран ажиллах хэрэгтэй бөгөөд эдгээр ажлыг хийж гүйцээснээр хоёрдугаар шатны хөтөлбөрөө батлуулах нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлж байлаа. Мухаммад Эхсан Хан захирлын хөндсөн дараагийн чухал асуудал нь 100 сая ам.долларын бодлогын зээлийг Монгол Улсын Засгийн газарт өгөх юм. Үүнийг УИХ-аар соёрхон батлуулвал 2025 оноос эхлэн эрүүл мэндийн салбарт олгох бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хөдөлгөх хүч болох тул ЭМЯ-наас уг асуудалд анхаарч ажиллахыг хүслээ. Энэ уулзалтаар талууд өнгөрсөн онд АХБ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны төслийн олон шатлалт хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт сайжирч, ихээхэн ахиц дэвшил гарсан нь 2025 онд хэрэгжих дараагийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна