Бүх оддын барилдаанд Даян аварга Н.Батсуурийн баг түрүүллээ

ALs
2024 оны 3-р сарын 18 -нд

"Пример спортс" телевиз Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан "Pepsi - Алтан цом" –ын төлөөх “Бүх оддын барилдаан" өнөөдөр /2024.03.16/ болж өндөрлөлөө. "Алтан цом"-ын барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх Бүх оддын барилдаанд  багт хуваагдан өрсөлдсөн бөгөөд Даян аварга Н.Батсуурийн баг 15-10-аар ялалт байгуулжээ. 

Түүний багт даян аварга Н.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Э.Сумъяабат /2/, улсын гарди Ц.Бямба-Отгон /4/, улсын заан Б.Бат-Өлзий /4/ улсын харцага Б.Зоригтбаатар /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амарсайхан /0/, улсын начин Э.Батмагнай /3/ нар нийт 15 даваа авсан. 

Улсын аварга П.Бүрэнтөгсийн багт улсын аварга П.Бүрэнтөгс /0/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын аварга О.Хангай /4/, улсын заан М.Лхагвагэрэл /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын заан Б.Пүрэвсайхан /1/, улсын харцага С.Сүхбат /1/ нар нийт 10 даваа авсан юм.   Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа, улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж нар дасгалжуулсан байна. 

Энэхүү барилдаанд ялсан баг 30 сая, ялагдсан баг 10 сая төгрөгийн бай шагнал гарджээ. Харин энэ өдрийн шилдэг бөхөөр улсын гарди Ц.Бямба-Отгоныг тодруулж, 3.000.000 төгрөгийн шагнал гардуулав. 

Барилдааны эхэнд урлаг, спортоор олны танил болсон 10 хүн хоёр багт хуваагдан үндэсний бөхөөр барилдсан бөгөөд улсын харцага Б.Зоригтбаатарын баг 13:12-оор ялалт байгуулав. Энэ багт 2021 оны Монголын мистер Т.Батнасан /5/, Монгол Улсын манлай уяач О.Батболд /2/, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /1/, жүжигчин О.Амгаланбаатар /4/, дуучин Д.Найдандорж/1/ нийт 13 даваа авлаа. Ялсан багийн тамирчид 5.000.000 төгрөгийн шагнал гардсан юм. 

Харин О.Хангай аваргын багт барилдсан дуучин Д.Намсрайноров /2/, дуучин Ц.Отгонбаяр /4/, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд /3/, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал /0/, фитнесс модель С.Эрдэнэцогт /3/ нийт 12 даваа авсан юм.  Мөн барилдааны үеэр Хүч, хурдын тэмцээн болсон бөгөөд аймгийн арслан П.Эрхэмжаргал, цэргийн арслан Б.Өлзийсайхан, аймгийн заан Б.Бадамдорж, аймгийн заан С.Доржпалам нар авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс аймгийн заан С.Доржпалам 1 минут 6 секундын амжилтаар түрүүлж, 2.000.000 төгрөгийн эзэн боллоо.Маргааш 13:00 цагаас Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл "Соёмбо" сонины100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаантай гэж МҮБХ-ноос мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна