“Элэгний B, D вирустэй тэмцэгчид” НҮТББ-ын зарим гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна

ALs
2024 оны 4-р сарын 03 -нд

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөр (2024.04.02)-ийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гепатитын D вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний талаар мэдээлжээ.

Тэрээр “Монголд гепатит вирусын тархалт өндөр, халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоор дэлхийд дээгүүрт ордог. B, D вирусийн хавсарсан халдвартай өвчтөний 80 хувь хүндэрч байна. B вирусын халдвартай хүмүүсийн 5.0 хувь нь гепатитын D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үздэг. Олон улсад хийдэг, нэгдсэн мета-анализын аргаар тооцож үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 000 хүн байх тооцоо гарсан. Засгийн газар 2002 оноос вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Сүүлийн хоёр жилд буюу би сайдаар ажиллах хугацаанд D вирусийн булевиртид эмийг жагсаалтад бүртгэж, Монголд эмчилгээнд нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн, Урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоог хоёр дахин өсгөсөн, элэг хамгаалах Бидика эмийг үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад оруулсан. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт хуваарилсан, B, D вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн эмчилгээний үед хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тооцдог болсон.


Хадварт өвчин судлалын Үндэсний төв (ХӨСҮТ)-ийн амбулаторын тасагт гепатитын B, D вирусийн халдвартай иргэдэд үйлчлэх шинэ кабинет нээсэн, 21 аймаг, есөн дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж, эмнэлзүйн чадавхыг бэхжүүлсэн.

ДЭМБ-аас гепатитын D вирусийн халдварыг эмчлэхэд пэг-интерферон хэрэглэхийг зөвлөдөг. Эмчилгээ 48 долоон хоног үргэлжилдэг талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулаад, дэлхий дахинд ирээдүйтэй эм хэмээн булевиртидийг үзэх болсон гэв.

ОХУ-д Мирклудекс Б (Myrcludex B), АНУ-д Хэпклудекс (Hepcludex) булевиртид эмийг Европын Холбооны зарим улс, ОХУ эмчилгээнд нэвтрүүлж байгаа бол АНУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Харин манай улс энэ оны нэгдүгээр сард эмчилгээний зааврыг өөрчилж, пэг-интерфероны, булевиртидийн, булевиртид ба пэг-интерферон хавсарсан гэсэн гурван төрлийн эмчилгээний горимыг тусгажээ.

Булевиртидыг анх ОХУ-д хийсэн, патентаа АНУ-ын Gilead Science компанид худалдахдаа зөвхөн дотоодод хэрэглэх эрхийг авч үлдсэн тухай Эрүүл мэндийн сайд мэдээлэв.

Иймд манай улсын халдвартай иргэд ОХУ-ын Буриад Улс руу очиж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй байна. Эрүүл мэндийн яамнаас ОХУ, АНУ-тай булевиртид эмийг нийлүүлэх талаар хэлэлцээ хийж байгаа аж. Аль аль тал хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгджээ.

Мөн Буриадад монгол иргэдийг эмчилгээнд хамруулах талаар ХӨСҮТ, Улаан-Үдийн СПИД төв хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.


“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтэд 2023 онд 13.5 тэрбум төгрөг тусгасны 9.7 тэрбум төгрөгөөр пэг-интерферон худалдан авах эрхийг ХӨСҮТ-д шилжүүлж, тендер зарлажээ. Тендерт “Илдэнгүн хошуу” ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан ч “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ)-аас уг тендер шалгаруулалтад хяналт, шалгалт хийлгэхээр Улсын Их Хурлын гишүүнд, хууль хяналтын байгууллагад ханджээ. Иймд уг худалдан авалтыг зогсоосон байна. Хэрвээ зогсоогоогүй бол гепатитын D вирусийн халдвартай 800 гаруй иргэнийг тарилгад хамруулах байсан гэж Эрүүл мэндийн сайд онцоллоо. Тус тендерийн үнэ болох 7.7 тэрбум төгрөг хэрэглэгдээгүй, ХӨСҮТ-д байгаа, улсын төсөвт энэ зориулалтаар 7.0 тэрбум төгрөг тусгажээ. Нийт 14 тэрбум төгрөгийн эм худалдан авахад гаалийн, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, эмчлүүлэгчдийн өртөг, зардлыг өсгөхгүй байх шаардлагатай. Энэ асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд оруулах тул дэмжихийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдээс хүсэв.

“Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-аас ОХУ-ын Буриад Улсад эмчилгээ эхлүүлсэн 60 хүнийг төрөөс зардлыг нь хариуцах үнэ төлбөргүй эмчилгээнд эхний ээлжид хамруулах, булевиртидийг АНУ-аас бус ОХУ-аас авах шаардлагыг тавьжээ. Үнийн хувьд АНУ-аас авах нь эмчлүүлэгчдийн сар тутмын зардалд хэмнэлттэй тусах аж.

Тус НҮТББ-ын хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа сайд илэрхийлээд, тендерийн асуудлыг шалгаж дууссаны дараа тэдгээр хүмүүсийн заримыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гепатитын B, D вирусийн халдвартай иргэдийн дийлэнх нь эмнэлгээс халдвар авсан байгааг онцлоод, төрийн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудлууд цаашдаа маш их гарахаар байгааг харгалзан төрөөс иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, нөхөн төлбөр олгодог байх тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа хэлэв.

Тэрбээр, аливаа салбар зах зээлийн зарчмыг баримтлах ёстой ч эрүүл мэндийн салбарт ингэж болохгүй, иргэдэд ямар эм, эмчилгээ илүү чухал байна вэ гэдгээр асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлээд, ОХУ-ын Буриад улсын эмч нарыг Монголд урьж ажиллуулах боломж бий эсэхийг асууж, тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааг сайжруулахыг зөвлөжээ.

Эх сурвалж: parliament.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна