ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараах анхны айлчлалаа БНХАУ руу хийхээр төлөвлөсөн. Түүний айлчлал энэ пүрэв гаргаас эхлэхээр байна.
Хоёр өдрийн айлчлалаар талууд Орос-Украины дайн эхлэхээс өмнө тогтоосон “хил хязгааргүй” түншлэлийн талаар хэлэлцэх төлөвтэй байгааг Ройтерс агентлаг мэдээлэв.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Путины айлчлал пүрэв гарагт эхлэхийг мэдэгдээд талууд “анхаарлын төвд буй олон улсын болон бүс нутгийн асуудлуудын” талаар хэлэлцэнэ гэжээ.
Харин олон улсын дипломатууд болон улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар Путин Ши Жиньпинийг ОХУ-д машин техник, газрын тос, байгалийн хийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, дайны үеийн Оросын эдийн засгийг дэмжихэд туслахыг уриалах төлөвлөгөөтэй байгаа гэв.
Өнгөрсөн сард мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д төрийн айлчлал хийж Хятадын дарга Ши Жиньпин тэргүүтэй эрх баригчидтай уулзсан.
Энэ үеэр тэрбээр дайны үеэр Хятад улс Орост тусламж үзүүлсээр байвал Вашингтоноос зохих арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
Сүүлийн үед АНУ, БНХАУ-ын харилцаа Тайванийн асуудал, өнгөрсөн оны хоёрдугаар сард тагнуулын бөмбөлөг хөөргөсөн зэрэг асуудлаас үүдэн муудаад байв. Түүнчлэн саяхан АНУ Хятадын эзэмшилд байдаг ТикТок платформыг АНУ-д зарах эсвэл улс даяар хориглох тухай хууль баталсан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений 10 сарын дараа хийсэн уг айлчлал талуудын харилцаанд ахиц дэвшил гаргах нэг оролдлого гэдгийг онцолж байлаа.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна