“Сонгогчдын Боловсрол Төв”-ийн Төслийн зохицуулагч Д.Элбэрэлтэй ярилцлаа.
-Ярилцлагаа шууд улс төрийн оролцооны талаар эхэлье гэж бодож байна. Бид яагаад сонгуульд идэвхтэй оролцох ёстой юм бэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн эхэнд “Монгол Улсад засгийн бүр эрх ард түмний мэдэлд байна” гэсэн чухал заалт байдаг. Мөн иргэдэд төр засагтайгаа хариуцлага тооцох боломж олгодог ардчиллын амин чухал салшгүй хэсэг буюу иргэдийн улс төрийн оролцооны нэг хэлбэр бол сонгуулийн оролцоо. Энэ нь бид хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал болон бүр парламент, засгийн газрын үйл ажиллагааг хянаж, зөв бол дэмжиж, буруу бол засуулдаг эрхтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бид төртэйгөө хамтран улс орноо хөгжүүлэх шийдвэрүүдийг гаргаж байгаа юм. Харин бид энэ эрхээ эдлэхгүй, улс төрд оролцохгүй байх нь нэгдүгээрт, улс орны хөгжилд өөрийн дуу хоолойг хүргэх боломжгүй болж байгаа ба өнөөдөр миний өдөр тутмын амьдралд нөлөөлж буй эрүүл мэнд, боловсрол, татвар, дэд бүтэц гэх мэт асуудлыг шийдэхэд өөрийн саналыг илэрхийлэх бус бусдын саналаар л амьдарч байна гэсэн үг юм. Тэгэхээр танд төрийн үйл ажиллагаанаас таалагдаж байгаа, дэмжиж байгаа зүйл байвал түүнийгээ урт хугацаанд улам сайн хэрэгжихэд нь дэмжиж, таалагдахгүй, засаж, залруулах шаардлагатай байгаа бол түүнийгээ хэлж сайжруулахын тулд та заавал оролцох хэрэгтэй болж байна.
-Оролцоо, тэр тусмаа сонгуулийн оролцоо гэж ярихаар залуучуудын оролцоо их чухал, залуучууд саналаа өг гэж тодотгох нь их байдаг. Яагаад залуучуудын оролцоо чухал юм бэ?
-Маш энгийн жишээ аваад үзье. 2024 оны 4 сарын байдлаар Монгол Улсын хүн ам 3.5 сая орчим байна. Үүний 70 орчим хувь буюу 2.44 сая хүн сонгуульд саналаа өгнө. Харин энэ 2.44 сая сонгогчдын 50 хувь нь 18-39 нас, 50 хувь нь 40-өөс дээш насны сонгогчид байдаг. Үүнийг харахад залуучууд өөрсдөд шаардлагатай, хүссэн өөрчлөлтийг бий болгох боломж бүрэн бий. Нийт санал өгөх хүмүүсийн 50 хувь нь шүү дээ. Гэвч сонгуулийн оролцоог аваад үзвэл 40-өөс дээш насны бүлгийн оролцоо дунджаар 75 орчим хувь байдаг. Нарийвчлаад харвал насны бүлэг нэмэгдэх тусам оролцоо нэмэгддэг. 60-аас дээш настай сонгогчдын 95 орчим хувь нь саналаа өгдөг. Гэвч, 18-39 насны залуучуудын оролцоог харвал 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар залуучуудын тал хувь нь л саналаа өгсөн байдаг. Тэгэхээр нийт сонгогчдын талыг эзэлж буй залуучуудын тал нь саналаа өгөхгүй байгаа нь оролцоог хангалтгүй болгож байгаа ба залуучууд өөрийн хүссэн төлөөлөл, өөрчлөлтийг бий болгож чадахгүйд хүрээд байна. Иймд залуучууд 40-өөс дээш насны бүлгийнхэнтэй адилхан сонгуульдаа оролцвол өөрчлөлтийг бий болгож чадна.
-18-39 насны залуучууд нийт сонгогчдын талыг эзэлж байгаа атлаа тэдний 50 хувь л санал өгөөд байна. Энэ насны бүлэг дотроо аль насны залуучууд идэвхтэй, аль нь хамгийн бага оролцоотой байдаг юм бол.
-Энэ бас маш сонирхолтой үзүүлэлт байгаа юм. Хамгийн сүүлийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг жишээ болгон авъя. Сонгуулийн оролцоог насны бүлгээр нь задлаад үзвэл 18-19 насныхан 56.5 хувь байгаа бол 20-24 насныхны оролцоо дөнгөж 43.7 хувьтай байна. Энэ нь бидний хэлдгээр GenZ үеийнхэн юм. Анх удаа саналаа өгч байгаа залуучуудын оролцоо GenZ үеийнхнээс их байна. Харин залуучууд дундаа хамгийн их оролцоотой буюу 68.4 хувьтай оролцож буй насны бүлэг бол 35-39 насныхан юм. Тэгэхээр хамгийн бага сонгуулийн оролцоотой бүлэг 20-24 буюу GenZ үеийнхэн байна. Анх удаа саналаа өгөх гэж байгаа залуучууд магадгүй илүү догдлолтой, хариуцлагатайгаар саналаа өгч байгаа байх. Харин дахин саналаа өгөх үед оролцоо буурч байгаа үзүүлэлт ажиглагдаж байна.
-Тийм байна. Ер нь яагаад залуучуудын оролцоо бага байгаад байна. Юу нөлөөлж байна вэ?
-Залуучууд гэлтгүй сонгогчдын идэвх, ирц, оролцоонд нөлөөлдөг дөрвөн хүчин зүйл байдаг юм. Энэ нь нэгдүгээрт нийгэм, эдийн засгийн хүчин зүйл, хоёрдугаарт улс төрийн хүчин зүйл, мөн тогтолцооны болон хувь хүний хүчин зүйл юм. Эдгээр хүчин зүйлүүдийн аль аль нь ямар нэг хэмжээгээр залуучуудын сонгуулийн оролцоонд нөлөөлж байгаа. Жишээ нь: нийгэм эдийн засгийн хувьд залуучууд илүү хөдөлгөөнт амьдралаар амьдрах нь илүүтэй байдаг. Тэд тогтсон хаяггүй, нэг байршилдаа удаан хугацаагаар амьдардаггүй, магадгүй энэ нь залуу гэр бүлийн хувьд орон сууцны асуудалтай холбоотой байх. Оюутнуудын хувьд бол их дээд сургуулиа дагаад орон нутгаас Улаанбаатарт ирж суурьших, магадгүй сургуульдаа ойр, оюутны байр, түрээсийн байр, хамаатан садны гэр гэх мэт түр хугацаанд оршин суудаг тул тухайн орон нутгийн асуудлыг мэдэхгүй, оролцох, өөрчлөх сэдэлгүй байдаг болов уу. Мөн залуу хүний хувьд эдийн засаг, санхүү хөрөнгөний нөөц багатай, түүнчлэн ажил хөдөлмөр эрхлэх, амьдралаа залгуулах санхүүгийн эх үүсвэрийн араас хөөцөлдөх нь өөр бусад нийгмийн асуудалд оролцох, шийдэх сэдлийг төрүүлдэггүй байж болно.
-Улс төрийн хүчин зүйлийн хувьд та юу гэж харж байна?
Харин улс төрийн хүчин зүйлийн хувьд 2016 онд Конрад Аденауэрийн сан болон Удирдлагын академийн “Залуучуудын улс төрийн оролцоо /18-35 нас/” судалгааны тайланд сонгуульд санал өгч байгаагүй залуучуудын 80 гаруй хувь нь итгэл хүлээсэн нам, улс төрч байхгүй, улс төрд итгэдэггүй, улс төр сонирхдоггүй учир оролцдоггүй гэж хариулсан байсан. 2020 онд Бүгднайрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс “IRIM” судалгааны байгууллагатай хамтран хийсэн “Залуучуудын санал бодлын судалгаа”-д “Аливаа улсын хувьд ардчиллыг бий болгоход сонгууль чөлөөтэй, шударга явагдаж бодит сонголтыг өгөх нь чухал” гэдгийг залуучуудын 98 хувь нь зөв гэж үзсэн ч улс төрийн намуудад 60 хувь нь сөрөг, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд 56 хувь нь сөрөг, иргэний нийгмийн байгууллагуудад 64 хувь нь эерэг үнэлгээ өгсөн байна.
-Залуучуудын сонгуулийн оролцоонд нөлөөлж байгаа өөр бусад шалтгаанаас нэмж хэлбэл.
-Сонгуулийн тогтолцоо, санал авах байршил, өдөр, зохион байгуулалт гэх мэт иргэд сонгогчдын идэвх оролцоонд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл нь үндсэн хаягаас өөр газар санал өгөх боломжгүй гэсэн хуулийн заалт гэж хардаг. Энэ нь оюутан залуучууд, хөдөлмөрийн зах зээлд гарсан залуучууд болон ээлжийн, уул уурхай дагасан ажил эрхэлж буй залуучуудын санал өгөх боломжийг хязгаарлаж байгаа юм. Нөгөө талаас залуучууд, иргэдийн улс төрийн, сонгогчдын боловсрол бага, энэ талаар суурь боловсролыг удаан хугацаанд олгоогүй, хэвшүүлээгүй байдаг тул улс төрийг сонирхдоггүй, сонирхдоггүй тул оролцдоггүй гэсэн хандлага их байдаг. Залуучууд миний саналаар дутахгүй, би оролцоод өөрчлөлтийг бий болгохгүй, улс төр бол надаас хол асуудал, надад хэрэггүй гэсэн хандлагаар хандах нь залуучуудын улс төрийн оролцоонд бас нөлөөлж байгаа гэж бодож байна.
-Таны бодлоор залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Мэдээж дээрх хүчин зүйлүүдийг судалж шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэх нь нэн чухал. Тэгэхдээ энэ бол шийдвэр гаргагчдын, хууль эрх зүйн хүрээний өөрчлөлт юм. Харин бид дор бүрнээ юу хийж болох талаар ярилцах илүү үр дүнтэй байх. Бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол өөрсдийн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх юм. Залуучуудад нэн түрүүнд улс төрийг жигших, буруутгах биш ач холбогдол, хэрэгцээг мэдэх, ойлгох нь чухал байна. Бид сонгуулиар ямар улс төрийн институт, төлөөллийг сонгоод байна вэ? Тэд юу хийдэг вэ? Ямар эрх мэдэлтэй вэ гэх мэт. Залуучууд энэ талаарх мэдээлэл бага байгаагаас УИХ-ын гишүүнийг гудамжинд гэрэлтүүлэг тавиулах, амьдрах аюулгүй, таатай цэвэр орчин бүрдүүлэх гэх мэт асуудлыг шийдэж өгнө гэж хардаг. Харин энэ мэт үйл ажиллагаа нь УИХ-ын гишүүний хийх ажил биш шүү дээ. Гэвч энэ нь залуучуудад улс төрд итгэхгүй байх, шүүмжлэх, оролцохгүй байх сэдлийг төрүүлэх боломжтой. Мөн залуучууд энэ олон хүн дунд миний саналаар дутахгүй гэсэн ойлголт, хандлага их байдаг. Тэгвэл энэ мэт хандлага, ойлголтыг бид сонгогчдын боловсролоор дамжуулан өөрчлөх боломжтой юм. Залуучуудын сонгогчдын боловсрол нэмэгдсэнээр улс төр, сонгуульд сонирхолтой болж, итгэл үнэмшилтэй оролцоотой болох бүрэн боломжтой юм.
-“Сонгогчдын Боловсрол Төв” залуучуудад чиглэсэн ямар ажил хийж байна вэ?
-“Сонгогчдын Боловсрол Төв” нь 1996 оноос хойш иргэд, сонгогчдод сонгуулийн хууль тогтоомжийг таниулах, ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг сайжруулах, улс төр, сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон удаагийн цахим болон биет нөлөөллийн ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулж ирсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийг угтан иргэд, олон нийтэд цахим талбар болон нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгуулийн тогтолцоо, холбогдох хууль, саналын хуудас болон сонгуулийн тойрог, мандатын талаар мэдээлэл өгөх, мөн залуучууд, сонгогчдын сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн кампанит ажлыг зохион байгуулж байна.
Сонгуулийн үед сонгогчид эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллээр хангах “1800-2800 Сонгогчийн Лавлах Утас”-ыг ажиллуулж байна. Энэ лавлах утсаар холбогдож сонгогчид сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм. Мөн нийгмийн сүлжээнд “Сонгогчдын Боловсрол Төв”, “Сонгох өдөр” гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэд, сонгогчдод мэдээлэл олгож байна. Бид 2020 оноос хойш “V-Check” залуусын кампанит ажлыг зохион байгуулсаар ирсэн ба 2024 оны сонгуулиар ч мөн залуу сонгогчдын боловсрол, сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх болон улс төрийн боловсролын суурь мэдлэг олгох зорилгоор “V-Check” челлэнжийг эхлүүлээд байна. Энэхүү челлэнжид залуучууд, сонгогчид нэгдсэнээр өөрсдийн хариуцлага, оролцоог илэрхийлэхээс гадна бусдыг уриалах, мэдээл түгээх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй юм. Энэхүү челлэнжийн талаар болон залуучуудад чиглэсэн сонгогчдын боловсролын мэдээллийг манай V-Check Фэйсбүүк хуудаснаас авч болно.
-Та сонгуульд оролцохын чухлыг ганц жишээгээр хэлээч.
2008 оны Энэтхэг улсын Ражестан мужийн парламентын сонгуульд нэр дэвшиж байсан Кэйлан Синг Чоухан нь намаасаа Ерөнхий сайдад нэр дэвших байсан юм. Түүний сонгуулийн торогт 200 гаруй мянган сонгогчид бүртгэлтэй байсан байна. Гэвч тэрээр хэдий шилдэг улс төрчдийн нэг байсан ч тус сонгуульд нэг саналын зөрүүгээр ялагдсан байдаг. Тэрээр өрсөлдөгч нэр дэвшигч нь нийт 62,216 санал авч өөрөө 62,215 санал авсан ба ганцхан саналаар ялагдсан байдаг. Харин тус сонгуульд түүний эхнэр болон жолооч нь саналаа өгөөгүй байна. Эндээс харахад нэг санал гэдэг ямар үнэ цэнтэй болохыг харж болно. Тиймээс 6 сарын 28 бол өөрийнхөө төлөө, өөрийнхөө ирээдүйн төлөө сонгох эрхээ эдлэх өдөр гэж харж, залуучууд илүү хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна