Жил бүрийн 8 дугаар сард УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ зохион байгуулагддаг уламжлал тогтжээ. Энэ жилийн хувьд 2024 оны 8 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд тус арга хэмжээ зохион байгуулагдаж Монгол улсын өнцөг булан бүрээс явган алхах дуртай хүмүүс хүрэлцэн ирэхийн зэрэгцээ Солонгос, Орос, Америк, Англи, Хятад, Тажикстан, Филиппин, Чех, Тайвань гэх мэт гадаадын явган алхагчид оролцжээ.
Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 500-аад алхагчид 3 өдрийн туршид эх дэлхийгээ хайрлах, хүн хоорондын харилцаа, нөхөрлөлийг хөгжүүлэх, эрүүл зөв дадал хэвшлийг түгээн сурталчилах зорилгоор нэгдэн алхацгаав.
Нийслэл хотын төв талбай, Төрийн ордон, дуурийн театр, драмын театр, Хүүхдийн ордон, хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгалууд, орчин үеийн хотын хөгжлийг тольдон Туул голын эрэг дагуу алхаж, Тэрэлжийн бүс нутагт байгалийн үзэсгэлэнт газрууд, Эзэн Чингис хааны түүхт газруудаар алхжээ.
Фестивалаар отог цэг, үдлэх байршлууд дээр зохион байгуулагчдын бэлдсэн урлаг, соёлын сонирхолтой үзүүбэрүүдийг бэлтгэсэн нь алхагчдад тун сонирхолтой байв. Тухайлбал, фестивалийн хоёрдахь өдөр зохион байгуулагдсан морьт харвааны үзүүлбэр гадаад, дотоодын алхагч нарын таашаалд нийцэж байлаа.
Жил ирэх бүр хүрээгээ тэлж, оролцоо нь нэмэгдэж байгаа “Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” -ийн нэгэн жилийн арга хэмжээ ийнхүү амжилттай өндөрлөлөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна