Л.Энх-Амгалан: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах шийдвэр гаргасан этгээдийг тогтоолгоно

ALs
2024 оны 9-р сарын 10 -нд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажилладаг. Салбарын сайд Л.Энх-Амгалан үндэсний зөвлөлийн даргаар томилогдсоноос хойш анхны хуралдаанаа өнгөрсөн долоо хоногт хийжээ. Хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэний нэг нь "Капитал" банкны эрх хүлээн авагч болон "Чингис хаан" банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсжээ. 

Мэдээллүүдийг сонссоны дараа Улсын ерөнхий прокурорын газарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, хохирлыг төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурорыг томилон шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт хүргүүлэхээр болсноо сайд Л.Энх-Амгалан цахим хуудаснаа мэдээлжээ. 

Тэрбээр энэ талаар, Дээрх банкуудтай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газар, Монголбанк, Капитал банкны эрх хүлээн авагч зэрэг төлөөллийг оролцуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй хуралдуулах шийдвэрийг гаргалаа. 

2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан. 2024 оны наймдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. 

Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс 2024 оны наймдугаар сарын 20-ний өдрийн байдлаар нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, авлагын үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг байна. 

Иргэд, даатгуулагчдын шимтгэл төлсөн мөнгийг яагаад Капитал, Чингис хаан банкуудад хадгалав, тухайн банкууд шаардлага хангаж байсан уу? гэх мэт олон асуудал өнөөдөр яригддаг.  Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан буруутай этгээдийг олж тогтоон, авлага барагдуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандах шийдвэр гаргасан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна