Н.Учрал: Ураны гэрээнд 13 төрлийн татвар, төлбөрийг манай өгөөж гэж үзнэ хэмээн хатуу шаардсан

ALs
20 цагийн өмнө

Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр боллоо. 

Орано майнинг компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан УИХ-д байдаг онцгой бүрэн эрхийн хүрээнд тусгай АМНАТ-аар төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Энэ асуудлаар Төсвийн байнгын хороо хуралдлаа.

Тус хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны хуралдаан даргалагч Ц.Даваасүрэн “Хайгуул хийснийхээ төлөө баялаг эзэмшигч улсаасаа илүү хувь эзэмшдэг байж болохгүй. Бид баялгийн эзэн нь юм аа гэж хэлээд 50 хувийг эзэмшинэ гэж хэлж чадахгүй байна. Тийм учраас энэ асуудалд хариуцлагатай хандахыг гишүүдээс хүсэж байна. Африкийн зарим улсад ч баялгаа гаргаж байгаа бол 50 хувийг эзэмшинэ гэдэг. Гэтэл Монгол улс л юу ч дугарч чадахгүй байна”  гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Ураны төслийн 24 хувийг АМНАТ-ын төлбөрөөр орлуулна. Гэтэл 24 хувь нь тусгай төлбөрийн хэдэн хувьтай тэнцэж байгаа юм. $5.6 тэрбумын өгөөж хүртэнэ гэсэн тооцоолол бий. Суурь АМНАТ 5 хувь байна. Өсөн нэмэгдэх бол зах зээлийн үнэтэй холбоотой байдаг. 24 хувьд ногдох ашиг болох АМНАТ-ыг 5 хувиар орлуулах судалгаа хаанаас гарч ирээд байгаа юм” гэв.

"ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛ АНХ ОРУУЛСАН 500 САЯ АМ.ДОЛЛАРОО НӨХСӨНИЙ ДАРАА $4.9 ТЭРБУМАА АВНА"

Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтэн н. Энх-Амгалан “Ураны 1 функтыг 80 ам.доллароор тооцож байна. Зах зээлийн үнэ бол 70 ам.доллартой байгаа. Энэ дүнгээр тооцвол борлуулалтын орлого нь 14 тэрбум ам.доллар болно. Үүнээс ТЭЗҮ-ийн тооцооллоор $4 тэрбум нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдахаар байна. Нийт хувааж болох өгөөж нь 10 тэрбум ам.доллар байна. Үүний $5.2 тэрбум долларыг нь Монгол улсын Засгийн газар татвар болон зарим төлбөрөөр авна.

Харин 4.9 тэрбумыг хөрөнгө оруулагч тал ногдол ашиг, маркетинг болон ноу хау-гын төлбөрөөр авах юм. Гэхдээ хөрөнгө оруулагч тал анх оруулсан 500 сая ам.доллароо нөхсөний дараа $4.9 тэрбумаа авна. Тэгэхээр манай Засгийн газар шууд орж буй мөнгөн орлогоо тооцоолж үзвэл 51 хувьд хүрч байгаа. Үнийн түвшнээс хамаараад 51 хувьд хүрэхгүй бол тухайн жилдээ тохируулагч төлбөр авна гэсэн гэрээний заалттай. Ерөнхий зарчим бол манай улсын Засгийн газар эцсийн дүндээ 51 хувийг нь авна гэсэн тохируулгатай гэрээ юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Манай хуульд тохируулагч төлбөрийн тухай ойлголт байхгүй шүү. Ашигт малтмал, Цөмийн энергийн тухай хуульдаа тохируулагч төлбөрийнхөө эрх зүйн зохицуулалтыг оруулах ёстой. Тэгснээр баталгаажих юм" гэв.  

УИХ-ын гишүүн Н.Учрал “Төр эзэмшлийнхээ 34 хувиас шууд татгалзаж байгаа гэсэн үг биш. Эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар орлуулах эрх нь УИХ-д байгаа учраас хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлд орлуулах аргыг албажуулах гэж байгаа юм. УИХ-ын тогтоол батлагдвал гэрээний эзэмших 34 хувь нь АМНАТ-аар орлоно.

Гэрээг анх боловсруулахдаа юуг нь өгөөж гэж үзэх вэ, юуг нь хөрөнгө оруулагчийн өгөөж гэж үзэх тал дээр нилээдгүй ажилласан. Энэ хүрээнд 13 татвар, төлбөрийг манай өгөөж гэж үзнэ хэмээн хатуу шаардлага тавьсан. Өнгөрсөн хугацааны гэрээний сургамж авсан" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна