"Давхар дээлтэй" гишүүд чуулганд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг баталлаа

ALs
15 цагийн өмнө

Давхар дээлтэй гишүүд УИХ-ын чуулганд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг баталлаа

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг баталлаа.


Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.08/ хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа энэхүү журмын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын холбогдох сайд нарын саналыг авч нэгтгэн, энэ өдрийн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр, УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.20-д заасны дагуу гишүүн өвчтэй, чөлөөтэй, дотоод, гадаадад томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы хуралдаанд товлосон хугацаанд оролцох бөгөөд хавсран гүйцэтгэж байгаа бусад албан үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг аль болох давхцуулахгүй байхаар төлөвлөн ажиллана гэсэн заалт орсон. Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүд танхим дотроо мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж, сөрөг байр суурьтай ч, хамтын шийдвэр гаргаад явсан болбол зарчмаа баримтах ёстой юм. Энэхүү агуулгаараа Монгол Улсын Засгийн газраас санаачилсан хууль, тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчаас асуулт асуухгүй, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8.8-д заасны дагуу хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалыг болон 36 дугаар зүйлийн 36.10-т заасан хуулийн төслийн талаарх Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дэмжсэн байр суурь илэрхийлж, тайлбар өгч болох бөгөөд дэмжээгүй байр суурь илэрхийлэхгүй хэмээн журмын төсөлд тусгасан.

Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн байнгын дэд, түр хороо ажлын хэсгийн хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 10.7-д заасны дагуу хариуцлага сануулгыг өгөхөөс гадна шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Ерөнхий сайдад түүний бүрэн эрхийнх нь дагуу тухайн сайдад хариуцлага тооцох саналыг хүргүүлэх талаар бас энэхүү журамд тусгалаа. Хамгийн чухал нь УИХ-ын гишүүний бүрэн эрх боловч, нэгэнтээ Засгийн газрын гишүүний үүргийг албан хавсарч гүйцэтгэж байгаа бол үүрэг, хариуцлагаа ч хүлээх ёстой гэсэн агуулгаар журмын төсөлд тусгалаа гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, Д.Рэгдэл нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, энэхүү журмын төслийн зарим заалт нь ард түмний элч төлөөлөгч буюу УИХ-ын гишүүний эрхийг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн зөрчил болох эсэх талаар асуув.


УИХ-ын гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч А.Ариунзаяа хариуллаа. Тэрбээр, зөвхөн Засгийн газраас боловсруулан өргөн барьж буй хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүний чуулганы хуралдаанд хэрхэн оролцохыг журамлаж буй юм. Бусад асуудлаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх байр суурь нээлттэй гэв. Мөн тус Байнгны хорооны дарга Б.Баярбат түүний асуултад тодруулж хариулсан. Тэрбээр, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл мөн. Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж буй гүйцэтгэх байгууллага. Гүйцэтгэх байгууллага танхимын зарчмаар асуудлаа хэлэлцээд байр сууриа нэгтгээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцэхэд танхимын гишүүн нь эсрэг байр суурь илэрхийлэх ёсгүй юм. Энэ бол улстөрийн соёл төдийгүй эв нэгдэл, хамтын шийдвэр, төрийн залгамж чанар зэрэг олон асуудлын мөн чанарын үнэ цэнэ юм. Үүнийг төлөвшүүлэх ёстой гэв.


УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг баасан гаригт гаргаж буй нь цаг хугацааны хувьд оновчгүй байгааг өөрчилж, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос оновчтой санал боловсруулах, хоёрдугаарт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүн оролцох, эс оролцохыг хэдэн цагийн өмнө мэдэгдэх талаар журамлах санал гаргав.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2025 оны Төсвийн тухай хуулийн төслийг үндсэндээ гурван удаа хэлэлцлээ. Засгийн газраас боловсруулаад, байр сууриа нэгтгээд оруулж ирсэн байх ёстой Төсвийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүд нь давхардсан олон асуулт асууж, цаг хугацаа алдсан. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журмын төслийг дэмжиж байна хэмээсэн. Түүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэв.

Ингээд  Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77,8 хувийн саналаар баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна