Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитораар Сандагийн Магнайсүрэнг томилсон. Өнөөдөр Ерөнхий аудитор С. Магнайсүрэн тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилж, чөлөөлсөнтэй холбоотой Улсын Их Хурлын тогтоолыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн аудитын байгууллагын удирдлагууд, нийт албан хаагчдад уншиж танилцуулав.
Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн эрхэлсэн ажил, албан тушаалын туршлагыг танилцуулж, Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сарын хугацаатай ажилласан Төрийн албаны тухай болон Төрийн аудитын тухай хуульд заасан нийтлэг, тусгай шаардлагыг бүрэн хангасан гэдгийг тодотголоо.
Тэрбээр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гишүүдээс Ерөнхий аудитор болон Төрийн аудитын байгууллага, албан хаагчдад хандан төрийн аудитыг хэрэгжүүлэхтэй холбоотой хэлсэн санал, зөвлөмжийг мөн энэ үеэр уламжиллаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Загджав Ерөнхий аудиторын тамга, албаны бичиг баримтын хамт хүлээлгэн өгөхдөө “Төрийн санхүү төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн та баг, хамт олныхоо хамт амжилттай хэрэгжүүлэхийг ерөөж, ажлын амжилт, сайн сайхныг хүсье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Төрийн аудитын байгууллагын удирдлагууд, нийт албан хаагчдад хандан үг хэлсэн юм.
Тэрбээр Төрийн аудитын байгууллага нь ил тод, нээлттэй ажиллах зарчмыг хангаж, мэдээлэл технологийн дэвшлийг бүрэн ашиглаж ажиллана гэдгийг хамгийн түрүүнд онцлов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна