Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай.
“Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан
Энэ талаар “Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон, суурь, металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхэлнэ.
Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй" гэв.
Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж, замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.
Эх сурвалж:НЗДТГ, ХМОНХХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна