Монгол Улсын хүн амын анхны судалгааг есөн боть ном болгон хэвлэлээ

ALs
18 цагийн өмнө

“Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулдаг цуврал лекц өчигдөр /2025.06.04/ боллоо.

1915-1916 онд хийсэн, Монгол Улсын хүн ам, статистикийн баримтуудыг нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивт хадгалж байжээ.Тус материалыг Польшийн Ур чадварын академи болон ШУА-ийн архивтай хамтран нэгтгэж есөн боть ном болгон хэвлүүлснээ Варшавын их сургуулийн профессор Агата Барея-Стажинска, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар танилцуулав. 

Лекцийн хүндэт зочин илтгэгч Польшийн аялагч, Варшавын их сургуулийн профессор, Монгол судлаач Агата Барея-Стажинска: -Монгол Улсын 1915-1916 оны хүн амын тооллогын материалууд нь Польш дахь Краков хотын Л.В.Котвичийн хувийн архивт бий. Тус материалаас 3500 хуудсыг эргүүлж үзэхэд Л.В.Котвич зарим материал уйгаржин монгол бичгээр бичсэн байсан. Тухайн үеийн засаг захиргааны байдал, хошуу ноён, түүний гэр бүл зэрэг 10 гаруй асуултын хүрээнд хүн амын тооллогыг хийсэн байдаг. Хамгийн дэлгэрэнгүй нь Түшээт хан аймгийн 34 хуудас бүхий мэдээлэл байсан. Уг хүн амын тооллогын баримтыг гурван хэсэгт хуваасан гэж үздэг, зарим материал устгалд орсон байх магадлалтай.

Уг  есөн боть номд Монголын тухайн үеийн улсын хөрөнгө, сан хөмрөгөөс эхлээд хүн амын суурьшил, хошуу ноёдын тайлан, монголчууд хадлангаа хаана, хэрхэн хадаж байсан зэрэг нэн ховор, чухал, түүхийн баримт материалуудыг багтаажээ.

Хүн ам статистикийн баримт цуглуулгууд нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт юм. 

"Энэ нь 20-р зууны эхэн үед Монгол улс тусгаар тогтносны дараа хүн амын статистик ямар байсан талаарх нийт 7500 гаруй хуудастай хамгийн анхны судалгаа юм. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш улсад айлчлах үеэр есөн боть ном болгон хэвлүүлж авсан нь Монголын архивт байдаггүй нэн чухал эх сурвалж болж байна" хэмээн “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун ярилаа.

Б.Ану


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна