Японд ажиллахаар очсон 11 монгол иргэн согтууран муудалцаж нэгнээ ноцтой гэмтээжээ

ALs
8 цагийн өмнө

Япон Улсад Ур чадварын дадлагажигчаар очсон 8, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа 3, нийт 11 монгол иргэн хоорондоо танилцах зорилгоор 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр амьдрах байрны нэг өрөөндөө нийллэг зохион байгуулжээ.

Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо муудалцан, нэгэндээ хүч хэрэглэн танхайрч ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарсан. Тус хэргийг Точиги мужийн Канүма хотын Цагдаагийн газар шалгаж байгаа ба Элчин сайдын яам тус асуудлын мөрөөр илгээгч байгууллага болон хүлээн авагч байгууллагатай холбогдон ажиллаж байна.

Бусдын биед халдах, гэмтэл учруулах, танхайрах  нь Японы Эрүүгийн хуулиар торгох, 2 жил болон 15 жилээс дээш хугацаагаар хорих зэрэг хуулийн заалттай. 

Эрүүгийн хууль ноцтой зөрчин Япон Улсад ял эдэлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улсаас Япон Улсад ажиллаж буй монгол иргэд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, алдар нэрийг эрхэмлэн, ажиллаж амьдарч буй байгууллага, хамт олон, хот сууриндаа тус улсын түүх соёл, зан заншлыг хүндэтгэн, хууль дүрмийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна